Pages

Labels

tabcontent

video

leftwidget

Showing posts with label Тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Тэмдэглэл. Show all posts

Wednesday


Ардын жүжигчин Чимэдцэеэ гуайн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дууг Увертура гэх сонин нэртэй хамтлаг шинэ маягаар дуулсныг дахин дахин шимтэн сонсон сууна. Тэгээд бодогдсон зүйлсээ сийрүүлэн буулгахаар суугаа минь энэ.

“Дуунаас ухаарал авдаг”, “Үг нь зэмлэж, ая нь аргаддаг” гээд л дуу хуурыг магтсан өчнөөн л үгс хэлэлцэхийг сонссон билээ. Мөн “Сайхан сэтгэлтэй хүн сайхан дуулдаг” гэж сонсож байсан билээ. Хаа нэгтээ хүмүүсээс сайхан дуулах юм гэх үг сонсоод дотроо баясна. Гэсэн ч ямар ч сайхан дууг хэн гээч дуучны дуулснаар, ямархан нөхцөл байдалд, ямархан цаг мөчид сонссоноос тухайн сонсогчид нөлөөлөх нь өөр өөр байдаг бололтой юм.

Бага байхад дуурийн, эсвэл уртын дуу сонсоод ямар уйтгартай юм бэ гэж боддог байсан нь хүүхэд насны дэврүүн мөрөөдөлтэй нь холбоотой, хөнгөн хэмнэлтэй аялгуунд ихээхэн татагддаг байсных биз. Арай том болоод ангийнхан гадаад дуу сонирхон сонсож, даган хошуурч байхад хөдөөний юмуу, хөгшин юмуу гэж хэлүүлэн байж ардын богино дуу болон нийтийн гэгдэх дууг илүүтэй шимтэн сонсдог байлаа. Харин дээд боловсрол эзэмшинэ хэмээн хилийн дээс алхсанаас хойш монгол л дуу бол ардын байна уу, уртын байна уу, рок байна уу, огтхон ялгахгүйгээр уяран байж, нулимс дуслуулан байж сонсдог болов. Тэр үеэс л уртын дуунаас цэлгэр талын эгшиг, хархираа хөөмийнөөс уулын түргэн урсгалт голын түрлэг сонсогддог юм уу гэж анзаарч эхэлсэн юм.

Хэн дуулав гэдэг нь дуулж байгаа хүний дуулах ур чадвараас гадна сэтгэл зүрхээ шингээж байгаа үгүйтэй нь ч холбоотой байдаг байх. Аль нэг нь дутвал тэгээд л биш болчих шиг санагддаг. Миний хувьд солгой хоолойтой хүн дуулахаар чихээ дармаар болдог байтал буурал дээдсүүд маань сэтгэл нь хэр шингэж байгааг илүү чухалчилдаг бололтой. Бууралтай золгоод дуу өргөх хүмүүсийн зарим нь “Одоо боль боль” гэж хэлмээр санагдтал дуулах ч дуустал сонсоод “сайхан дууллаа” гэх. Тэгсэн мөртөө “Энэ чинь аятайхан хоолойтой хүн үү” гэж бодтол “сэтгэл нь дутаад байна” гэж хэлэх. Энэ бүхнийг бичиж байхад жилийн өмнөтэй (2012 оны 4 сар) Дээдсээр засал хийлгэхэд хэлж байсан үг нь санагдав. Өргөөний гишүүд цуглаад, олуул байсан болохоор Дээдэс дуу дуулуулж засал хийхээр болсон юм. Бид хэд ч байдгаараа л хичээгээд “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулцгаав. Гэтэл Дээдэс “та нарын сэтгэл дутаад байна. Ахиад дуул” гэлээ. Ахиж дуулахдаа бид жинхэнэ сэтгэлээсээ дуулсан бололтой энд тэндгүй мэгшин, дуугаа дуусгалгүй нусаа татах нь сонсогдож байсан юм. Тэгээд л “Өмнө хийсэн алдаа эндэл бүрийнхээ төлөө жинхэнээсээ өршөөл эрж, сэтгэлээсээ дуулсан болохоор засал нь хүрлээ” хэмээн айлдаж байсан юм.

За тэгээд энэ бичлэгийг минь унших нэгэн байваас дуун заслын тухай багахан ч болов ойлголттой болог хэмээн өндөрлье.

Хүсэл болоод дадал


Улаач хүмүүн өндөр дээд тэнгэрээс, өөр ертөнцөөс мэдлэгийг олж авч дамжуулдаг гэнэм. Мөн онгод тэнгэрүүдээ биедээ залахад тэд нь өөрсдийн оршин буй ахуйгаасаа эгэл бидний мэдэх болоод мэдэхгүй тэр л дээд үнэнг, дээд нууцуудаас хуваалцдаг гэнэм.

Гэтэл миний бие тэр нууцад хүрэх хараахан болоогүй бололтой. Түүнд хүрэхээсээ өмнө өөрийн бие болоод ухааныг тодорхой нэгэн түвшинд хүртэл бэлдэх ёстой юм болов уу гэх бодол төрөх. Тиймээс л энд тэндээс мэдээлэл, мэдлэг болчих зүйлсийг олоод авчих санаатай хайсаар бидэрнэ. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм болно гэдэг дээ...

Өвөг дээдсээс маань өвлүүлэн үлдээсэн “Алтан Судар”-аас бяцхан оюунаа тэльюү хэмээн уншихаар оролдовч хараа гүйн унших мэт боловч, ухаан санаанд торж үлдсэн нь тун чиг хомс. Түүнийг ойлгуулахад дөхөм болж чадах өмнөх шат  нь “Гэрлийн өргөө”-ний гишүүн гэгдэх бидний хувьд Аянгат удганыхаа болон өөр бусад улаачдынхаа тэмдэглүүдийг унших болой. Нартын үрсийн хэлээр бичигдсэн болохоор ухаж ойлгоход арай дөхөм байдагт нь шимтэн шимтэн уншдаг билээ. Авах хүнд ганц үг ч бол эрдэм, хаях хүнд мянган сургаал ч нэмэргүй гэх утгатай зүйлсийг хаа нэгтээ сонсож байсан болохоор аль болох л санаж сэрж, хичээн мөрлөж амьдралаа зохицуулахыг оролдоно.

Алдхан бие, атгахан тархиа өөрийн бодлоор захирч амьдарч байгаа мэт санагдах ч үнэхээр тэгж чадаж байна уу гээд ажихаар үгүй ажээ. Хүслээсээ гадуур дадал болсон зүйлсээ хамгаас түрүүн хийгээд байгаагаа ажлаа. Өвгөдийн сургаалаар амьдрах зам мөрөө өөрчилье гэх хүсэл төрсөн хэдий ч багахан чармайлтыг минь их дадал хойш нь түлхээд л хаячих юм. Гэхдээ гарах уулынхаа оргилыг товлож хараад, бэлд нь очсон байхад дээш авирах, эсвэл тэндээ суугаад үлдэх, эсвэл бүүр болиод өөр уул руу явах энэ бүх сонголт зөвхөн миний л гарт...

Friday

Анхны сэтгэгдэл


Сүүлийн хагас жилийн дотор юу юу болоод өнгөрөв дөө? Тэмдэглэл гэдгийг өдөр бүр бичиж байх учиртай юм гэнэ лээ. Гэтэл би хагас жилдээ нэг бичиж байна, гэхдээ энэ бол тийм ч их сүртэй асуудал биш. Завгүй л байсан юм байгаа биз. Харин одоо ингээд бичээд сууж байх цаг гарсан нь их юм даа...

8-р сарын сүүл хэсгээс уг авах цаг нь  наашиллаа хэмээн ааг амьсгаагүй нааш цааш гүйж, хуяг хувцас, бусад  зүйлсээ бэлдэв. 9 сарын эхний долоо хоногтоо багтан хээр гарч, 3 андын хамт Зөвлөх удганыхаа ивээл түшгээр тэнгэртээ босож билээ. Үнэндээ шахуулж байгаагаа ч мэдрэхгүй явсан над шиг хүнд буурлаа залсан хойно ч нэг их онцгой мэдрэмж төрөөгүй юм. 

Анх бууж ирэхдээ олон янзаар их л чанга дуугаар хэнгэтэл уйлаад, би өөрөө юу, буурал нь залраад уйлаа юу гэдгийг ялгаж мэдэхгүй байж билээ.  Өмнө нь сонсож байсан шиг мод тойруулан бахардтал гүйлгэж, ам руу архи цутгах мэтээр хүчээр буурлуудтай нь золгуулах биш харин ч аргадан дуулж, аялгуу эгшгээр урин байж залсан болохоор буурлууд маань залрахдаа уярсан байх гэж одоо бодогддог юм.

Амьдрал гээч нэг л өдөр огт өөр болно байх гэж, гайхамшгийг хүлээсээр... Гэвч тийм зүйл ховор бололтой. Буурлууд буулаа гээд хамаг юмыг орвонгоор нь , тэр даруй өөрчлөнө гэж байхгүй аж. Жаахан хүүхэд мэт үлгэрт гардаг гайхамшиг бий болно гэж итгэсээр л байтал үнэндээ тэрхүү үлгэр нь хэдий хугацаанд болсон явдлыг хэдий хугацааны дотор энгийн бидэнд таниулах гэж хэр богиносгож, хэр танаж үлдээснийг бид хэрхэн мэдэх билээ...

Sunday

Буурлуудын сургаалиас


2012-8-25. Налайх дүүрэг.

Гэрлийн өргөөний нөхдийн хамтаар Тэнгэр удганыхаа удирдлаган доор Нарны бөөлөөнд явж, олон сайхан бууралтай золгож, сургаал юуг нь сонсож биширлээ. Хэдийгээр зарим хүн уншаад "тэгтлээ гайхаад байх сургаал биш байна, энэнийг чинь хүн бүр л мэддэг юм" гэх ч "хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй" болохоор яг надад зориулаад хэлж байхад толгой руу тог гээд л тогших шиг болдог юм.

Мөн Эзэн Богд маань хөрстөд заларсан өрлөг жанжингуудаа дуудан, замбын балчруудад алдраа таниул хэмээн зарлигдсаны дагуу зөвхөн түүхэн холбогдолтой ном судраас алдрыг дуулж биширч явсан олон сайхан өрлөг жанжингуудаас нилээн хэд нь эзэн богдоо  танин ирж золголдсоныг мөн л амаа ангайн байж биширлээ.


  1.       Жижиг чулуу дороо суурьтай бол ихийг бүтээж чадна. Бусдыг дууриаж бүү хуйлар. Дотор сэтгэлээ шинж, өөрөөсөө чадах эсэхээ сайтар асуу. Бэлэн болсон гэвэл зорьсоноо эхэлж болно.
  2.        Бурууг хийсэн бол өршөөл эрж сур. Өршөөл эрнэ гэдэг нь уучлаарай гэж хэлэх төдийхөн бус юм. Үйлдсэн үйлдлийнхээ гэмийг цайруулах үйлдэл заавал хийх ёстой. Эс тэгвээс үйлийн үр нь өөрийг нь эргэн тойроод л байх болно.
  3.      Бодол нь зөв байгаад түүнийгээ зөв үгээр илэрхийлж сурваас үйл нь аяндаа бүтнэ. Хэлж байгаа үг нь зөв байхгүй аваас хийх үйлийнх нь зам мөр нь хазайдаг юм. Ингээд шулуухан яваад хүрэх байсан газарт бүр ингэж даялж байж хүрэх үйлийг буруу хэлсэн үг үүсгэдэг юм. Мөн дагаж харж явдаг өвгөд дээсүүд нь буруу хэлсэн үгэнд нь гомдох нь бий. Иймээс үг хэлээ цэнэж, сэтгэл өөдрөг байж, үргэлж болно бүтнэ гэсэн итгэл зоригтой байх хэрэгтэй. 

Wednesday

Эхлэл


Одоогоос яг нэг жилийн ѳмнѳ ийм зүйл бичээд сууж байна гэдгээ тѳсѳѳлѳѳгүй байсан билээ. Мэдээж маргааш юу болохыг яг таг урдчилан мэддэг хүмүн орчлонд ховор биз. Гэхдээ ''орчин үед'' ойрын 5 жилийнхээ хэтийн тѳлѳвийг бүдэг бадаг ч болов тѳсѳѳлсѳн байхгүй бол хоцрогдсон хүн гэж тооцогдох болсон цаг учир бага сага зүйл тѳлѳвлѳж байсаан (нэрэлхүү зангийн илрэл биз ээ). 100 хувь биелдэг тѳлѳвлѳгѳѳ хараахан боловсруулж сураагүй байгаа болохоор олон олон зүйл тѳлѳвлѳгѳѳнѳѳс гадуур болж ѳнгѳрсний нэг нь миний амьдралд их л том нѳлѳѳ үзүүлж байна даа. Тэр нь юу байсан бэ гэвэл...

Энэ бүхнийг үл ѳгүүлэн чинагш үргэлжлүүлье хэмээвээс нэгэн сэжим тасрах мэт санагдаад боломгүй нь. Иймээс уншигч таныг чилээн чилээж багахан нуршъя хэмээвээ.

Хамгийн анх Монголын Нууц Товчоо гэгчийг 4-р ангид байхдаа сургийг нь сонсож, олж үзээд юу ч ухаж ойлгоогүй билээ. Сүүлээр их сургуулийн 1-р курст ороод түүхийн хичээл дээр сууж байхад багш маань Монголчуудын үүсэл гарлыг яагаад Бѳртэ чоно, Гоо марал гэх хоёр зүйлстэй холбодог тухай биднээс асууж билээ. Тэгэхэд гэнэт л бѳѳ мѳргѳл, онго сахиустай нь холбоотой болов уу гэсэн бодол тѳрж, тэр бодлоо хэлэхэд минь багш маань их л таашаан хүлээж авсан боловч цааш нь дэлгэрүүлж хэлэлцэлгүй ѳнгѳрѳѳсѳн билээ. Тэгээд ч Жагарын орноо эрдэм сурна хэмээн зорьсон маань бѳѳ мѳргѳл гэхээсээ буддын шашны зүг анхаарлыг минь эргүүлж орхисон юм. Тэглээ гээд буддын философи, эртний энэтхэгийн гүн ухаан аль альнийг нь тѳдийлѳн гүнзгий ухаж ойлгож амжилгүй, ѳнгѳн талаас нь гүехэн мэдлэг олж аваад, түүндээ баясан явсан үе бий билээ.

Хамт байсан нѳхдѳѳ дагаж бясалгал гээчид явж үзэв. Бусдын мэдэрснийг үл мэдрэн, хүмүүсийн яриаг алмайран чагнаж явсаар үр дүнгүй буцаж ирэв. Гэсэн ч буддын шашинд, бясалгал гээчийн ид шидэнд итгэж, тэр бүхнийг нь ѳѳр дээрээ мэдрэхийг ихэд хүсэмжлэх болсон ч хүсэхэд хясдаг хорвоосон уу, эсвэл итгэл зүтгэл дутсаных уу, амжилгүй явсаар саяхныг хүрсэн билээ.

Энэ бүхний хажуугаар бүхнийг хялбарчлахыг хүсдэг зандаа дийлдэн ид шид, далд ертѳнц гэдгийг ч бас сонирхож, тийм зүйлсийн хүчээр амьдралд тохиолдох асуудал бүрээ хялбархаан шийдэх боломжтой мэт санагдан, ийш тийш сонирхон савчиж явлаа. Урд ѳмнѳ нь бѳѳгийн ид шидийн тухай дам дамаа ам дамжин сонсож байсан ч бурхны шашны үнэнч сүсэгтэн найзуудынхаа зѳвлѳсѳн ''бѳѳ дээр нэг л очвол байн байн ирүүлэх гээд ѳѳртѳѳ уячихдаг юм гэнэ лээ'' гэсэн үгэнд бас ээрэгдэн хэн нэгэн бууралтай золгох зүрх хүрдэггүй байсан юм. Тэгж байгаад амьдралын нэг нугачаанд бүдрэх үедээ холын хамаатан болох нэгэн улаачийн буултанд анх сууж, гайхан биширч билээ. Удалгүй ойрын хамаатан болох үеэл дүү маань ч бас угтай хэмээн дуулдаж, ер нь юу болоод байна хэмээн бѳѳгийн тухай интэрнет ухан тэрүүхэн тэндээ судлах болов. Хоёр жил хэртэй цахим ертѳнцѳѳр тэнүүчилсний эцэст Тэнгэр Удганыхаа блогийг олж уншсан бѳгѳѳд мѳн л хоёр сар хэртэй уншсаныхаа дараа Удгантайгаа холбогдож, Гэрлийн ѳргѳѳнд нэгдсэн билээ.