Pages

tabcontent

video

leftwidget

Wednesday


Ардын жүжигчин Чимэдцэеэ гуайн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дууг Увертура гэх сонин нэртэй хамтлаг шинэ маягаар дуулсныг дахин дахин шимтэн сонсон сууна. Тэгээд бодогдсон зүйлсээ сийрүүлэн буулгахаар суугаа минь энэ.

“Дуунаас ухаарал авдаг”, “Үг нь зэмлэж, ая нь аргаддаг” гээд л дуу хуурыг магтсан өчнөөн л үгс хэлэлцэхийг сонссон билээ. Мөн “Сайхан сэтгэлтэй хүн сайхан дуулдаг” гэж сонсож байсан билээ. Хаа нэгтээ хүмүүсээс сайхан дуулах юм гэх үг сонсоод дотроо баясна. Гэсэн ч ямар ч сайхан дууг хэн гээч дуучны дуулснаар, ямархан нөхцөл байдалд, ямархан цаг мөчид сонссоноос тухайн сонсогчид нөлөөлөх нь өөр өөр байдаг бололтой юм.

Бага байхад дуурийн, эсвэл уртын дуу сонсоод ямар уйтгартай юм бэ гэж боддог байсан нь хүүхэд насны дэврүүн мөрөөдөлтэй нь холбоотой, хөнгөн хэмнэлтэй аялгуунд ихээхэн татагддаг байсных биз. Арай том болоод ангийнхан гадаад дуу сонирхон сонсож, даган хошуурч байхад хөдөөний юмуу, хөгшин юмуу гэж хэлүүлэн байж ардын богино дуу болон нийтийн гэгдэх дууг илүүтэй шимтэн сонсдог байлаа. Харин дээд боловсрол эзэмшинэ хэмээн хилийн дээс алхсанаас хойш монгол л дуу бол ардын байна уу, уртын байна уу, рок байна уу, огтхон ялгахгүйгээр уяран байж, нулимс дуслуулан байж сонсдог болов. Тэр үеэс л уртын дуунаас цэлгэр талын эгшиг, хархираа хөөмийнөөс уулын түргэн урсгалт голын түрлэг сонсогддог юм уу гэж анзаарч эхэлсэн юм.

Хэн дуулав гэдэг нь дуулж байгаа хүний дуулах ур чадвараас гадна сэтгэл зүрхээ шингээж байгаа үгүйтэй нь ч холбоотой байдаг байх. Аль нэг нь дутвал тэгээд л биш болчих шиг санагддаг. Миний хувьд солгой хоолойтой хүн дуулахаар чихээ дармаар болдог байтал буурал дээдсүүд маань сэтгэл нь хэр шингэж байгааг илүү чухалчилдаг бололтой. Бууралтай золгоод дуу өргөх хүмүүсийн зарим нь “Одоо боль боль” гэж хэлмээр санагдтал дуулах ч дуустал сонсоод “сайхан дууллаа” гэх. Тэгсэн мөртөө “Энэ чинь аятайхан хоолойтой хүн үү” гэж бодтол “сэтгэл нь дутаад байна” гэж хэлэх. Энэ бүхнийг бичиж байхад жилийн өмнөтэй (2012 оны 4 сар) Дээдсээр засал хийлгэхэд хэлж байсан үг нь санагдав. Өргөөний гишүүд цуглаад, олуул байсан болохоор Дээдэс дуу дуулуулж засал хийхээр болсон юм. Бид хэд ч байдгаараа л хичээгээд “Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулцгаав. Гэтэл Дээдэс “та нарын сэтгэл дутаад байна. Ахиад дуул” гэлээ. Ахиж дуулахдаа бид жинхэнэ сэтгэлээсээ дуулсан бололтой энд тэндгүй мэгшин, дуугаа дуусгалгүй нусаа татах нь сонсогдож байсан юм. Тэгээд л “Өмнө хийсэн алдаа эндэл бүрийнхээ төлөө жинхэнээсээ өршөөл эрж, сэтгэлээсээ дуулсан болохоор засал нь хүрлээ” хэмээн айлдаж байсан юм.

За тэгээд энэ бичлэгийг минь унших нэгэн байваас дуун заслын тухай багахан ч болов ойлголттой болог хэмээн өндөрлье.