Pages

tabcontent

video

leftwidget

Monday

Хөврөх бодол...

Нэг хүний хүч юу билээ? Би ганцаараа хичээлээ, зорилоо гэхэд юу хийж чадах билээ? Аль дээр үеэс л цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гээд, ганцын биш олны хүчийг илүүд тавьж байсан бишүү? Тэгэхээр би энд хэчнээн тэлчлээд ч юунд хүрээ билээ...

Сайхан шалтаг шүү, юу ч хийхгүй зүгээр суух хүнд бол. Гэвч харанхуй байна гээд зүгээр суугаад байвал харанхуй хэвээрээ л байгаад байна. Чиний зурсан ганц шүдэнзнээс гарсан гэрлийг харсан хэн нэгэн бас шүдэнз зурах биз. Тэрнээс дараагийнх нь гэх мэт. Чиний зурсан шүдэнз асаад унтарсан байлаа  ч гэсэн сүүмэлзэх бяцхан гэрлээс санаа сэдэл аван ассан олон мянган шүдэнзний гэрэл цааш тулганд дүрэлзэх галын хэмжээнд очиж олныг гэрэлтүүлэн дулаацуулах болно.

Хэн нэг нь зурна биз гээд хүлээгээд байвал бусад нь ч гэсэн хүлээгээд л суугаад байх юм билүү. Чиний гаргасан гэрэл цаашид олон мянган хүнийг гэрэлтүүлж байна гэвэл хичнээн сайхан...

Хэн ч шүдэнз зурахгүй байгаад байвал гэнэт цахилгаан цахиж, аянга ниргэж, хүмүний бус хүчээр гэрлийг мэдрүүлж болох ч тийм гэрэл хүмүүст илч дулааныг авчрахаасаа илүүтэй айдас хүйдсийг л авчрах болов уу. Тиймээс өөрөөсөө гэрлийг эхлэн түгээх нь хамгаас аюулгүй арга юм байна.

Хичнээн цаг хугацаа шаардагдсан ч шантрахгүй, зорилгоосоо буцахгүй байх чадал тэнхээ чамд байна уу? Оролдлого сайт оройд нь хүрдэг гэдэг. Замын дундаас буцвал эхэлсний хэрэг юун гээд эхлэхгүй суух ч бас амархан л даа. Энэ л миний одоогийн үнэн төрх болчихоод байна. Гэвч өөрөөсөө гэрэл гаргах хэрэгтэй, чамаас өмнө хэн нэг нь аль хэдийн нэг байтугай нилээдгүй шүдэнз зурчихаад байна. Тэр буухиаг таслахгүй үргэлжүүлэх үүрэг чамд оногдоод байгааг ухаарч байна уу?


Унтарсан ч гэсэн ахиад л зураад л бай л даа, огт унтраахгүй байж чаддаггүй юм гэхэд ахиад асаах гээд оролд л доо... юм гэдэг чинь хугацаатай юм гэнэ лээ, ингэж их оролдоод (өөртөө л оролдсон мэт санагдсан хэрэг) бүтээгүй юм чинь одоо тэр хугацаа нь болчихоо байлгүй, яршиг дөө, орхиё... үгүй дээ, чи ингэж олон дахин оролдож байж зорьсондоо хүрэх ёстой ч юм билүү???